"Туулын хурдны зам" төслийн хэлэлцүүлгээр эдийн засгийн үр ашиг тодорхойгүй гэсэн шийдвэр гарсан хэмээн АН-ын бүлэг мэдээллээ

"Туулын хурдны зам" төслийн хэлэлцүүлгээр эдийн засгийн үр ашиг тодорхойгүй гэсэн шийдвэр гарсан хэмээн АН-ын бүлэг мэдээллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоноийн Даваа гарагт /2026.03.30/ бүлгийн хуралдаанаа нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр "Туулын хурдны зам" сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр /2026.04.02/ Ардчилсан намын "4:11 цаг мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн хурал дээр УИХ-ын гишүүн Б.Жаргалан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэдээлэлдээ "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд парламентын хяналтыг бэхжүүлэх иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс энэ боломжийг нээж өгсөн. Анхны нээлттэй хэлэлцүүлгээ Улаанбаатар хотын төдийгүй нийт ард түмний тулгамдсан асуудал болоод байгаа "Туулны хурдны зам" сэдвийн хүрээнд хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр гурван гол асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, байгаль экологийн асуудлын хүрээнд усны нөөцийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүйг усны газраас мэдэгдсэн. Төслийн бүтээн байгуулалтын явцад 2574 багана барина. Үүний 18 нь голын голдиролд, үлдсэн нь голын татам хэсэгт байрлана. Энэ нь Туул голын аюулгүй байдал, байгаль орчны асуудалд ноцтойгоор нөлөөлж магадгүй гэдгийг холбогдох судлаачид хэлж байгаа.

Хоёрдугаарт, энэ төсөл үнэхээр түгжрэлийг бууруулж чадах талаар бодитой хариулт авч чадаагүй. Түгжрэлийн тооцоо бодитой бус, шинжлэх ухааны үндэслэлгүй, иргэд олон нийтийн санаа бодлыг тусгаагүй.

Гуравдугаарт, санхүү эдийн засгийн асуудал. Туулын хурдны зам төсөл  2 их наяд 345 тэрбум төгрөгийн өртөгтэй. Анх 1,9 их наядаар батлагдаж байсан бол богино хугацаанд төсөв нэмэгдэж, 32 км замын 1км нь л 70 гаруй тэрбум буюу маш өндөр өртгөөр бүтэхээр байгаа.  Өнгөрсөн хугацаанд нийслэл хотын төсөв үлэмж хэмжээнд нэмэгдсэн. Гэвч хотын иргэдийн амьдрал сайжрахгүй байгаа. Энэ замын эдийн засгийн үр ашиг нь тодорхойгүй. Түүчлэн дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хэрхэн хангаж байгаа вэ, хэдэн ажлын байр шинээр бий болгож байгаа вэ гэсэн асуултанд нийслэлийн удирдлагууд бүдэрч байгаа” гэсэн юм.

ВИДЕО: