УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.02/ хуралдаанаар Сургууль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүн 2025.12.31-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх), Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.12.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах) , Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2026.03.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх) асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байсан.
Харин чуулганы хуралдаан эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл яг одоо улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж байна. Мөн араас нь МАН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байгаа. Тиймээс чуулганы хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэснээр хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийг нь хүлээн авч чуулганы хуралдааны завсарлууллаа.