Ялгаа бол их тодорхой харагддаг. Ялгааг замнал хэлээд өгдөг. Замнал гэдэг бол ердөө явсан зам, бүтээсэн түүх. С.Бямбацогт гэдэг хүн Ховд аймгаас, баруун бүсээс УИХ-д тав сонгогдож. Завсаргүй. Бөхөөр бол таван Д-тэй, даяар дурсагдах далайн даян дархан аварга гэдэг дээ. Энийг бол улс төрдөө хийчихэж. Тав түрүүлсэн хүнийг хоёр түрүүлсэн хүнтэй харьцуулбал их том ялгаа харагдана. Илүүрхэл ийх зайтайг мэдэж болно.
Дөрвөн удаа сайд хийжээ. Батлангийн, Зам тээврийн, Хууль зүйн, Засгийн хэрэг эрхлэхийн сайд. Дандаа улс орны том бодлогын яамдыг толгойлж. Энэ өөрөө шалгарал. С.Амарсайхан бол Шадар сайд л хийж, гэвч С.Бямбацогт шиг тал бүрээр Засаг элбэлцэж, Засаг барилцсан түүх хомс байна. Хууль тогтоох бөгөөд гүйцэтгэх засаглалын аль алинд С.Бямбацогтын явсан зам, бүтээсэн түүх С.Амарсайхыхаас их хол байна, агуулга өндөр нь илэрхий.
С.Бямбацогт Ардын намыг сөрөг хүчин байх үед Бүлгийн дарга байсан. Тэр он цагаас эхлэн Ардын намын 2016 оноос хойшхи засаглалын он жилүүд бүрдсэн. Улс төрийн стратегийн эхлэлийг сайн тавьбал ар үргэлжлэх замын нь улбаа өнө удаан байдаг нь жам. Бүлгийн дарга С.Бямбацогтын авьяаслаг удирдлага, түүний үрээр Ардын нам 2014 оноос хойш засаглалцаж, сүүлийн 10 жил тасралтгүй төр барьж байна. Тэр үед С.Амарсайхан гишүүн Нийслэлийн хурлын төлөөлөгч байв. Ардын намын улс төрийн дээд эрэмбийн стратеги, тулгуурт С.Бямбацогт аль ч утгаараа жин дарах нь ингэж харагдана.
С.Бямбацогт бүх үед төв дунд ажиллаж ирсэн. Алив эвдрэлцлийн сүүлд дуугарч, эхэнд нийлүүлж ирсэн замтай. Энэ бол туршлага, суурь хар ухааны нийлэмж хийгээд оюун санааны бядтай арга зам. Монголын төрийн сүүлийн хорин жилийн түүхийн алдаа оноог тэргүүн эрэмбэд, УИХ-д ч, Засгийн газарт С.Бямцацогт тодорхойлолцсон. Энэ бол тэргүүлэх чухал зорилт Монголд хаана байгааг мэдэж, чадах, үргэлжүүлэхийн хамгийн том боломжтоныг нь илэрхийлнэ. УИХ-д найман жил байх, арван найман жил байх хоёрын хооронд үлэмж ялгаатай нь хэн хүнд тодорхой.
С.Бямбацогт УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын гээд хоёр том байнгын хороог даргалж байв. Амин хуулиуд, төр засахын, парламент удирдахын шилдэг дэг сургууль чухам эдгээр байнгын хороогоор дамжина л даа, цэгцэрнэ л дээ. С.Амарсайхан гишүүнд энэ хүртээл үгүй байдаг. Байнгын хороод ахалж үзээгүй.
С.Бямбацогтод нэг гойд маягийн чанар байдаг. Ерөөсөө улсынхаа бодлогын, улс төрийн бодлогынхоо хүндийн төвд байдаг. Бүлэглэл, тодорхой авторлалд ордоггүй. Өөрийнхөөрөө байж чаддаг, өөрийнхөөрөө байхдаа хамт олныхоо итгэлийг даадаг, нийтлэг итгэл үнэмшил дээр суурилсан бодлогоо авч явж чаддаг. Тиймээс хаана хаанаас, аль ч бүлэглэл гэдэг юм уу, тодорхой хэсгүүдээс ямагт дэмжлэг цулаар авч чаддаг.
Ер нь, тэгээд манай улс төрд ах захын, ёс зүйн эрэмбэ, түүний үлгэрлэл гойд чухал болсон нэн тодорхой байгаа. Азарганы дэл хаашаа, адууны зүг тийшээ гэж үгтэй ард түмэн. Уулын орой, усны эхээ барьдаг ард түмэн, Монголчууд. Төрийн эрх барих дээд байгууллагадаа хамгийн олон буюу тав сонгогдсон С.Бямбацогтоор спикерээ хийлгэх нь буух мөртэй, буцах эзэнтэй байхын хэлбэрэлтгүй оноолт.