О.Цогтгэрэл намын дарга болон УИХ дахь бүлгийн даргыг давхар хашиж болохгүй гэх гишүүдийнхээ шаардлагыг эрх баригч намын “явуулга” гэв

О.Цогтгэрэл намын дарга болон УИХ дахь бүлгийн даргыг давхар хашиж болохгүй гэх гишүүдийнхээ шаардлагыг эрх баригч намын “явуулга” гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд бүлгийн дарга О.Цогтгэрэлийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр уг санаачилгыг 20 гаруй гишүүн дэмжиж, гарын үсгээ зураад байгаа билээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ дахь АН-ын бүлэг сүүлийн нэг жилийн хугацаанд нэгдмэл байж, гаргасан шийдвэрийнхээ ард бат зогсож чадсан. Энэ нь ямар үр дүн авчирсныг тал талдаа харж байгаа. Манай намын энэ байдал зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Улмаар эрх баригч намаас нам дотор асуудал үүсгэх оролдлого хийж байх шиг байна. Гэхдээ бид энэ бүхнийг даван туулах чадвартай улс төрийн хүчин. Цаашид ч зарчмаа баримталж ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний энэхүү тайлбараас харахад УИХ дахь бүлгийн даргын албыг намын даргын албатай давхар хаших нь зохисгүй гэж үзэн гарын үсэг цуглуулж буй өөрийн намын гишүүдийн шаардлагыг үл тоомсорлож, улстөржүүлэн албан тушаалаа тийм ч амархан өгөхгүй бололтой.

О.Цогтгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард Ардчилсан намын даргаар сонгогдсон. Түүнээс хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг давхар хашиж байгаа юм. Ингэснээр Ардчилсан намын түүхэнд намын дарга нь УИХ дахь бүлгийн даргын албыг зэрэг хашиж буй анхны тохиолдол болж байгаа билээ.