Ерөнхий сайд Н.Учрал ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулж, АН-ыг урихгүй "орхино"

Ерөнхий сайд Н.Учрал ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулж, АН-ыг урихгүй "орхино"

Ерөнхий сайд Н.Учралыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөөд, УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн хүлээлт өчигдөр /2026.03.31/байсан ч уг асуудал парламентад орж ирсэнгүй. Энэ талаар зарим эх сурвалжууд, "Засгийн газрын бүрэлдэхүүнд орох сайд нар дээрээ тохирч чадахгүй байгаа. Зарим гишүүд би сайд болно гээд онигоо, кино цаашаа юм болж байна" гэсэн юм.

-МАН-ЫН ЦӨӨНХИЙН БҮЛЭГТ ХОЁР САЙД ӨГӨХ БА НЭГ НЬ Г.ТЭМҮҮЛЭН-

Нөгөөтэйгүүр, МАН доторх цөөнхийн бүлэг буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 20 орчим гишүүн, “эхлээд УИХ-ын даргаа тодруулаад, дараа нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг парламентад оруулж ир” гээд байгаа аж. Тодруулбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж магадгүй байгаа бол зарим гишүүд Шадар сайд асан С.Амарсайханыг дэмжиж байгаа аж. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ж.Энхбаярын нэр ч УИХ-ын даргад яригдаж байна.

Харин МАН доторх цөөнхийн бүлгийн гишүүдэд Засгийн газрын хоёр сайдын суудал хуваарилах нь тодорхой болж, үүний нэгээр Сангийн сайдад Г.Тэмүүлэнг томилох хувилбар яригдаж байна.

Гэхдээ энэ хувилбар эцэстээ хэрхэн өөрчлөгдөхийг тааварлахад бэрх байна. Ийнхүү талуудын тохироо “хол зөрүүтэй” байгаа тул Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн энэ долоо хоногт батлагдаж чадахгүй, ирэх долоо хоногийг дамжиж магадгүй байна.

-ХҮН, ИЗНН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТАА УРЬЖ, АН-ЫГ ОРХИНО-

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, мөн Үндэсний эвсэлтэй хамтарч байгуулахаар эхнээс нь “урилга” хүргүүлж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Учралын энэхүү урилгыг өчигдөр /2026.03.31/ ХҮН намын дарга Т.Доржханд хүлээн авсан.

Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН-ын дарга Н.Учралаас ирүүллээ гэж Т.Доржханд мэдэгдэв. 2026.03.31

Харин Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн орж, ямар салбарыг хариуцахаас шалтгаалан хамтрах эсэхээ шийднэ гээд байгаа аж.

Тэрээр өмнө нь Г.Занданшатарын Засгийн газарт хамтрах урилгыг “Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албыг өгөхгүй бол хамтрахгүй” гэсэн байр сууриар хүлээж аваагүй гэх мэдээлэл ч бий. Мөн МАН-ын хуваагдлын үед Н.Номтойбаяр Д.Амарбаясгаланг дэмжиж, хэрэв түүнийг намын дарга болсон тохиолдолд хуучин намын гишүүнчлэлээ сэргээнэ гэдгээ Үндэсний эвслийн гишүүддээ хэлсэн байдаг. Энэ ч утгаараа Н.Номтойбаяр энэ удаа ч нөлөө бүхий сайдын суудал шаардах магадлал өндөр байна.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй МАН-ын удирдлагууд энэ удаа парламентад 42 суудалтай Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулахгүй байх шийдвэрт хүрсэн байна.  Хэдийгээр АН-ын зарим гишүүд Н.Учралын Засгийн газарт орж, сайдын албан тушаал хаших сонирхолтой байсан нь нууц биш. Энэ талаар ч тодорхой хүрээний хүмүүсийн албан бус уулзалт болсон гэдгийг АН-ын зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус намын бүлэг Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар бараг тэнцүү, 50/50 харьцаатайгаар хуваагдаад байсан гэдэг.

Нэгэнт л Засгийн газарт хамтрахгүй нь тодорхой болсон сөрөг хүчин АН-ын гишүүдийн зүгээс энэ удаа Н.Учралын Засгийн газрыг есөн яамтай, цомхон бүтэцтэй байлгах шаардлагыг тавьж эхэлжээ.

Харин Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өмнөх бүтцийг хэвээр хадгалж, 16 яам, 19 сайдын орон тоог цөөлөхгүй байх чиглэл барьж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Н.Учрал бодлогын хувьд огцом өөрчлөлт хийсэн ч сайдын тоог хамгийн ихдээ 1-2-оор л бууруулах хувилбар яригдаж байгаа аж. Ямартай ч Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн, хэн багтах нь одоогоор тодорхойгүй хэвээр бөгөөд эрх баригчдын дотоод тохиролцоо нэлээд зөрүүтэй, ойлголцолд хүрээгүй байдал үргэлжилж байна.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө