Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.03.31) тус Байнгын хорооны 27 гишүүнээс 18 нь хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй эхэллээ.
Энэ өдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2025 онд хийсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн дөрөв дэх тайлангаа найман бүлэг, 14 саналтайгаар боловсруулсан гэв. 2025 оны тайлант хугацаанд 11,000 километр зам туулж, урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээг 65 удаа, ганцаарчилсан ярилцлага, асуумжийг 1,709 иргэнээс авсан, 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлт 85.0 хувьтай байгаа.
Хяналт шинжилгээний явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал, амьдрах байрны стандарт зөрчигдөх, хүмүүсийг нэг байрлалд удаан хугацаагаар суулгах нөхцөл бүрдэх, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байх, алба хаагчдын зүй бус харилцаа, хандлага, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдол гаргах боломж бодитоор хэрэгжихгүй байх, хяналтын камерын бүртгэл, мэдээллийн сангийн хадгалалттай холбоотой доголдол зэрэг асуудал илэрсэн.
Алба хаагч болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хооронд илрэн гарч буй таагүй харилцаа, ёс зүйгүй байдал, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн айлган сүрдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх, сэтгэл санааг шаналган зовоох шинжтэй харилцаа, хандлага ярилцлага, асуумжаар давтамжтай илэрсэн. 2022 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 46 зөвлөмж хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим тохиолдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлсэн гэв.