Н.Учралын Засгийн газарт АН хамтрахгүй гэдгээ илэрхийлж, ХҮН нам манай нам байхгүй бол МАН дангаараа реформ хийж чадахгүй гэв

Н.Учралын Засгийн газарт АН хамтрахгүй гэдгээ илэрхийлж, ХҮН нам манай нам байхгүй бол МАН дангаараа реформ хийж чадахгүй гэв

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар МАН-ын дарга Н.Учрал томилогдож, өчигдөр /2026.03.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тангараг өргөлөө. Түүний тэргүүлэх шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх, мөн бусад улс төрийн намуудтай хамтарсан Засгийн газар байгуулах эсэх асуудал улс төрийн хүрээ болон олон нийтийн анхаарлын төвд байна.

Өнгөрсөн ням гараг /2026.03.29/-т болсон МАН-ын Бага хурлын үеэр Н.Учрал илтгэл тавихдаа, ирэх лхагва гараг /2026.04.01/-т Засгийн газрын анхны хуралдааныг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Үүнээс өмнө Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

"ХӨӨГДӨӨД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХҮЧИН ДАХИЖ ОРНО ГЭДЭГ БОЛ ЗОХИСГҮЙ"

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Аль нэг нам эвслийн дарга парламентын даргаар ажиллахгүй гэсэн Ардчилсан намын зарчмын байр суурийг дэмжиж оролцсон бусад нам эвслийн бүлгүүдэд талархлаа илэрхийлье. Парламентын ардчиллын талд хийсэн томоохон алхам боллоо. Шинээр байгуулагдсан Засгийн газарт Ардчилсан нам орохгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Манай Л.Гантөмөр дарга намынхныхаа шүүмжлэл, нийгмийн дургүйцэл дор улс орны эрх ашгаа урдаа тавиад хамтарсан засгийн газарт орж ажилласан. Чадах чинээгээрээ олон ажлыг хийсэн. Эцэс сүүлд нь МАН-ын бага хурлын шийдвэрээр хөөгдөөд гарсан. Миний хувьд тэр хамтарсан Засгийн газрын үед ч энэ бол зөв шийдвэр биш гэдгийг байнга илэрхийлж байсан. Хөөгдөөд гарсан улс төрийн хүчин дахиж орно гэдэг бол зохисгүй" гэсэн юм.

"ХҮН НАМ БАЙХГҮЙ БОЛ МАН ДАНГААРАА СУУРЬ РЕФОРМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ"

Харин ХҮН намын дарга Т.Доржханд шинэ Засгийн газарт хамтрах боломжийг үгүйсгээгүй юм. Тэрбээр одоогоор Ерөнхий сайдаас албан ёсны санал ирээгүй байгаа ч санал ирвэл намын холбогдох байгууллагуудаар хэлэлцэж шийдвэр гаргана гэж мэдэгдэв. Цаашлаад суурь реформуудыг хийхийн тулд л ХҮН засагт орсон. ХҮН засагт ороогүй бол энэ суурь реформуудыг МАН дангаараа хийж чадахгүй байсан хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар “Хэрэв Ерөнхий сайд Н.Учрал албан ёсоор санал тавибал нам дотроо хэлэлцэж шийдвэр гаргана” гэсэн товч тайлбар өгсөн билээ. 

Харин Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр одоогоор шинэ Засгийн газарт оролцох урилга аваагүй гэдгээ мэдэгдэж, хэрэв санал ирвэл ямар бодлого, чиг үүргийн хүрээнд хамтрахыг нягталж үзнэ гэсэн байр суурь илэрхийлээд байна.