Х.Нямбаатарын жагсаалын үеэр гаргасан үйлдлийг иргэд “Хотын дарга нүдэн дээр галзуурчихлаа” хэмээн шүүмжлэв

Х.Нямбаатарын жагсаалын үеэр гаргасан үйлдлийг иргэд “Хотын дарга нүдэн дээр галзуурчихлаа” хэмээн шүүмжлэв

“Туулын хурдны зам” төслийн талаархи нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 30-нд Төрийн ордонд боллоо. Уг хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагуудыг урьж, төслийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг хүссэн ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцсонгүй. Харин түүний оронд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ирж мэдээлэл өгсөн билээ.

Харин хэлэлцүүлэг болж байх үеэр Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж, “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж буй иргэдийн талаар байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа.  Тэрбээр “Хатан Туулаа хамгаалъя” уриатай жагсаалд оролцож буй хүмүүсийг “олигархуудын төлөөлөл, улс төрийн эрх ашгийн төлөө тэмцэж байна” хэмээн тодорхойлж, жагсаалыг шүүмжилсэн юм. Мөн шууд дамжуулалтын үеэр “барьсан юмыг нь булааж ав”, “энэ хүнийг жагсаалаас явуул” гэх зэрэг үг хэллэг хэрэглэсэн нь иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрхэд халдсан байж болзошгүй үйлдэл билээ. Түүнчлэн Хотын дарга зарим иргэдийн нэр, хаяг байршлыг дурдан олон нийтэд зарласан нь хувийн мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлыг хөндлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, зохиолч Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа очиж “гараад ир” хэмээн хашхирсан бичлэг цахим орчинд тархсан. Мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүний гэр бүлийн талаар дурдан, “Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга барьж, бохироо Туул гол руу цутгаж байна” хэмээн мэдэгдэж, тухайн барилгын өмнө очиж эсэргүүцэл илэрхийлэхийг дэмжигчдэдээ уриалсан байна. Эдгээр үйлдэл нь Туул голыг хамгаалах талаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд чиглэсэн дарамт шахалт байж болзошгүй хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Хотын даргын шууд дамжуулалтыг үзсэн иргэдийн дунд ч шүүмжлэл өрнөж, сошиал орчинд “Хотын дарга маань нүдэн дээр галзуурчихлаа” хэмээн бухимдлаа илэрхийлсэн сэтгэгдлүүд олноор бичигджээ. 

Үүгээр ч зогсохгүй Х.Нямбаатар “Зам бол хөгжил. Хөгжлийг гацаах гэж байгаа хүмүүсийг би өдөр бүр лайв хийж зарлана. Нэг бол намайг алж байгаад Туулын хурдны замыг зогсоо” хэмээн мэдэгдсэн нь төрийн өндөр албан тушаалтны харилцаа, ёс зүйн асуудлыг хөндөж байна.

Мөн тэрбээр зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг нэр цохож шүүмжилсэн нь хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой маргааныг дахин сөхөхөд хүргэв. Ийнхүү “Туулын хурдны зам” төслийн асуудал нь зөвхөн дэд бүтцийн бодлого төдийгүй иргэдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх эрх, төрийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйн талаар өргөн хүрээний маргаан дагуулж эхэллээ.