Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг уншиж сонсголоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж буй дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, С.Зулпхар, С.Эрдэнэболд нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, гүйцэтгэх засаглал, төрийн албаны тогтвортой байдлыг хэрхэн хангах, олон улсын улс төр, эдийн засгийн ээдрээ түвэгтэй нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авах, гадаад худалдааны тэнцвэрийг хэрхэн хангаж, нэн шаардлагатай импортын бараа, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, үндэсний валютын ханшийн уналтыг хэрхэн тогтоон барих, төрийн өмчийн менежментийг хэрхэн сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, мөн төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, авлигыг таслан зогсоох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнес, зах зээлийн орчныг эрүүлжүүлэх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн нэмүү өртгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийг асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авлаа.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ган, зэс хайлуулах, нефть боловсруулах зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орох, “Чөлөөлье” санаачилгаа үргэлжлүүлэх, эсэхийг асууж, Засгийн газрын гишүүдийг томилохдоо холбогдох хууль, тогтоомжийг баримталж, тэр дундаа жендерийн тэгш байдлыг хангах, нэр хүнд, ёс зүйн болон бусад шаргуур шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг сайтар харгалзан үзэх, улс төрийн дарамт шахалтанд орохгүй ажиллах, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих, үнэний бөгөөд шударга ёсны зарчим, хуульд захирагдаж манлайлалтай, иргэдийн мэдэх эрхийг хангаж нээлттэй, ил тод, мөн аливаад үндэслэл тооцоотой, судалгаатай хандаж, алсыг харж тэмүүлэлтэй ажиллахыг захиж байлаа.
Ингээд Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 107 гишүүний 82.2 хувь нь дэмжлээ.