Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/ нь Улаанбаатарт хотын удирдлага, бодлого, төсөв, хөгжлийн чиглэлийг шийдвэрлэх хамгийн дээд түвшний орон нутгийн эрх бүхий байгууллага юм. Орон нутгийн 2024 оны сонгуулийн үр дүнд НИТХ-д АН таван суудал, МАН 40 суудал авснаар Монгол Ардын нам нийслэлд дахин үнэмлэхүй олонх болсон.

Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын даргаар А.Баяр нар ажиллах болсон. Сонирхуулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зүгээс Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллуулах саналыг дэвшүүлж байсан бол Баянзүрх дүүргийн МАН-ын хороонд "эзэн суусан" гэдэг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн зөвлөх А.Баярыг НИТХ-ын даргад зүтгүүлсэн гэдэг.
Тэгвэл өдгөө Нийслэлийн МАН-ын хороог удирдах гэсэн Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарын өрсөлдөөн эрчимтэй өрнөж буй энэ үе НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн гарын үсгийг төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан бланк цуглуулж эхэлсэн байна.
"Орон нутгийн өөрөө удирдах тухай" хуулиар НИТХ-ын даргыг дараах нөхцөлд чөлөөлдөг байна. Тухайлбал, дарга үүргээ гүйцэтгэж чадахгүй, хууль зөрчсөн, эсвэл ажлын байрнаас татгалзсан тохиолдолд болон НИТХ-ын нийт төлөөлөгчдийн гуравны хоёр буюу 30 төлөөлөгч гарын үсэг цуглуулж, өргөдөл гаргасан тохиолдолд чөлөөлдөг байна.
Тэгвэл НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж чадвал "дараагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар төлөөлөгч Д.Ихбаярыг томилно" хэмээн яригдаж байгаа аж. Жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаяр нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд улс төрийн хувьд Ерөнхий сайд Н.Учралтай ойр, түүнтэй улс төрийн хувьд "нэг баг" гэдэг ажээ.
Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл, НИТХ-ын даргыг огцруулахаар төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж байсан хэд хэдэн тохиолдол байна. Тухайлбал, 2017 онд НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг огцруулах санаачилга гарч, зарим гишүүд гарын үсэг зурсан ч нийт төлөөлөгчдийн гуравны хоёрын гарын үсгийг бүрдүүлж чадаагүй байдаг. Харин энэ удаа НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан бланк дээр гарын үсэг цуглуулах үйл явц 30 гишүүний шаардлагыг хангаж чадвал, НИТХ-ын даргыг нийт төлөөлөгчдийн гуравны хоёрын саналаар огцруулсан анхны тохиолдол болох юм.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны "эзэн" гэдэг Э.Бат-Амгалан нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, цаашлаад тус дүүргээс 2020, 2024 оны парламентын сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон нэгэн. Харин өдгөө огцруулахаар яригдаж эхэлсэн НИТХ-ын дарга А.Баяр нь 2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, тус дүүргийн ИТХ-ын даргаар мөн ажиллаж байжээ. Цаашлаад 2020 оноос УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж.