УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцүүлгээс завсарлага авсан. Чуулганы хуралдаанаас завсарлага авахаас өмнө дараах хэлэлцүүлэг өрнөж байна.
Энэ үеэр олон нийтийн анхаарлын төвд буй асуудлыг УИХ-ын гишүүн Р.Батболд тодруулсан юм. Тэрбээр “Та танхимын бүрдүүлэлтээ хэрхэн харж байгаа вэ" гэв.
Ерөнхий сайдад томилогдохоор хэлэлцэгдэж буй УИХ-ын гишүүн Н.Учрал “Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь том сорилт болоод байна. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийг хэмнэх хүрээнд төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр өмнөх ажлаа хийж байгаа албан хаагчдын чиг үүргийг шууд таслан, цомхотгон хэлмэгдүүлж байна. Шинэ сайд нь шинэ хүн авчирч, бөөн халаа сэлгээ явуулах талаар эмзэглэж байна. Энэ бол аюултай асуудал. Нүүдэл суудал хийхэд л 50 сая төгрөг зарцуулж байна. Энэ хаврыг халаа сэлгээ, нүүдэл суудал, шинэ сайд нарын багийг бүрдүүлэхэд зарцуулчих вий гэж болгоомжилж байна. Г.Занданшатар даргын хувьд гурван үндэсний хороог буулгасан, өөр бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Би томилогдсоны дараа байр сууриа бүрэн илэрхийлье. Халаа сэлгээ гэхээсээ илүүтэйгээр тулгарч буй асуудлыг давахад анхаарна” гэлээ.