УИХ-ын гишүүн П.Наранбаяр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
П.Наранбаяр “Миний зүгээс хоёр жил шахуу сайдын ажлыг хийж, өөрийнхөө зүгээс шийдэх ёстой асуудлуудыг шийдэж ажиллалаа. Багш, ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. “Боловсролыг дэмжих жил”-ийнхээ хүрээнд олон ажил төлөвлөж батлууллаа. СӨБ болон бага боловсролын хөтөлбөрийг шинчиллээ. Цаашдаа сайдаар ажиллах хүн маань энэ ажлуудыг улам эрчимжүүлээсэй, миний зүгээс бол дэмжиж ажиллана. Төрийн ажил бол байнгийн л шүүмжлэл дунд байдаг. Энэ бүхнийг өөртөө шингээх хэрэгтэй. Би хувийнхаа үзэл бодлыг дэлгэхэд бэлэн биш байна. Танхимыг бүрдүүлж байгаа сайдын үүднээс Монгол төр тогтвортой ажиллах хэрэгтэй гэж үзээд эсрэг санал өгсөн. Монголын төр тогтвортой ажиллах нь өнөөдрийн олон улсын нөхцөл байдал эгзэгтэй үед хамгийн хэрэгтэй зүйл. Өнөөдөр Ираны байдал улам хүндэрч байна, Ормузын хоолойд “яс тээглэчихлээ”. Дээрээс нь ОХУ, Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжлээд, дроны цохилтууд улам хүчтэй болж байна. Тэгэхээр бид энхтайвныг эрхэмлэдэг олон тулгуурт гадаад бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Монголын засгийн газрыг олон удаа холбируулах нь манай улсын эрх ашигт нийцэхгүй байна аа гэдэг байр суурийг барьж байгаа. Сайд нар солигдох бол байдаг л асуудал. Харин засаг өөрөө орвонгоороо эргэнэ гэдэг бол маш олон ажлыг зогсоодог, ялангуяа хөрөнгө оруулалтыг ажлууд зогсдог. Мэдээж асуудлууд байвал тэрийг засаад явах ёстой. Би өөрийгөө төгс сайд байсан гэж хэлэхгүй. Хэн нэгнийг буруутгахгүй. Алдаа байвал надтай холбож болно. Энэ бол сайд хийсэн, улс төрд явсан хүний гол зарчим гэж харж байгаа” гэлээ.
ВИДЕО: