Н.Учралын урилгыг Г.Занданшатар хүлээн авч, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах бололтой

Н.Учралын урилгыг Г.Занданшатар хүлээн авч, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах бололтой

“Ардын намын дарга УИХ-ын толгой дээр гарч суугаад даргалахгүй” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагын дараа Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгохыг Ардын намын III Бага хурлын төлөөлөгчдийн 99 хувь нь дэмжлээ.

Өнөөдөр /2026.03.30/ Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжих асуудлыг УИХ дахь МАН,АН-ын бүлгүүд хэлэлцэж, үргэлжлүүлээд өнөөдөрт багтаан Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, түүнийг Ерөнхий сайдаар томилох төлөвтэй байна. Харин өчигдөр /2026.03.30/ болсон МАН-ын Бага хуралд Н.Учрал итгэлд тавих үеэрээ “Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллахыг урьсан” байгаа юм.

Тэгвэл Н.Учралын “Г.Занданшатарыг Засгийн газартаа орж ажиллахыг урьсан” явдал нь Ардын намын удирдлагуудын аль эрт яриад тохирчихсон зүйл байж магадгүй байна.

Учир нь Ерөнхий сайд асан Г.Занданшатар ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зорилготой байгаа тул төрийн ажил хийж нийт өмнө ил гарахгүй бол “мартагдана” гэж үзжээ. Иймд Засгийн газартаа орж ажиллахыг урьсан Н.Учралын урилгыг Г.Занданшатар хүлээж авах бололтой.

Тэгвэл зарим албаны эх сурвалжууд бидэнд, “МАН-ын удирдлагуудаас Г.Занданшатарт Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын албан тушаалыг санал болгосон” гэх мэдээллийг өгч байна.

Мөн өчигдөр болж өндөрлөсөн МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайдад яригдаж буй Н.Учрал өөрийн тэргүүлэх Засгийн газрын танхимдаа, “Хуучинтайгаа ч ажиллана, залуучуудтайгаа ч ажиллана. Намын эв нэгдлийг хангах нь чухал. Засгийн газар аль болох тогтвортой байх нь чухал байна. Иймд Ардчилан намыг Засгийн газартаа урихгүй. Тэд сонгуулийн өмнө Засгийн газраас гараад явчих эрсдэлтэй” гэсэн утгатай зүйлийг илэрхийлсэн байна. Харин Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн тал буюу МАН доторх цөөнхийн гишүүдэд дөрвөн сайд эсвэл хоёр сайд, УИХ-ын даргын албан тушаалыг өгч магадгүй байгаа аж.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө