Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээ танилцуулав. 

Тэрбээр "Дэлхий нийтийн өмнө тулгарч буй нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс үүдсэн эдийн засгийн хямралтай зэрэгцэн улс төрийн гацаанд орсон нөхцөлд төрийн ажлыг тасралтгүй явуулахад нэг өдөр, нэг минут чухал байна. Энэ хариуцлагатай үед дэлхийн улс орнууд цаг алдалгүй шуурхай ажиллаж байна. Иймд энэхүү улс төрийн гацаанаас гаргахад миний үүрэг хэмээн ухамсарлаж, эх орон, ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэлээ.

Дараа нь хоёр гишүүн Ерөнхий сайдаас асуулт асууж, санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн Ерөнхий сайдыг чөлөөлөх хүсэлтийг дэмжлээ. Мөн шинээр Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг тогтоолоор даалгалаа. Шийдвэрийг УИХ-ын чуулганд танилцуулна.