ТОДРУУЛГА: Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй алга болсон цэргийн алба хаагчийг "төөрсөн" хэмээн үзэж, эрэн хайж байна

2026-03-27 17:56

ТОДРУУЛГА: Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй алга болсон цэргийн алба хаагчийг "төөрсөн" хэмээн үзэж, эрэн хайж байна

Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдын мотоциклыг хулгайлан оргосон байж болзошгүй хэрэг Өмнөговь аймагт энэ сарын 25-ны өдөр гарсан тул тухайн цэргийг эрэн хайж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл уг хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангид үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч сураггүй алга болсон хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан нь үнэн. Тухайн цэрэг малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ үеэрээ ойролцоо бэлчиж байсан тэмээн сүргийг хураахаар мотоциклтой яваад сураггүй алга болоод байна. Тиймээс холбогдох байгууллагууд болон цэргийн ар гэрийнхнийг оролцуулан эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн. Цэргийн хувьд ямар нэгэн хүмүүжил, сахилга батын доголдол гаргаж байгаагүй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан алба хаагч. Тиймээс түүнийг тал газар төөрсөн байж болзошгүй хэмээн үзэж, эрлийн ажиллагааг явуулж байна" гэлээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

2026-03-27 13:59

Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдын мотоциклыг хулгайлан оргосон байж болзошгүй байна

Үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч цэргийн албанаасаа оргосон байж болзошгүй хэрэг энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт гарчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн ... дүгээр ангид цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 25-ны өдөр оргосон байж болзошгүй сураггүй алга болсон учир түүнийг эрэн хайх ажиллагааг холбогдох албаныхан зохион байгуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн цэргийн алба хаагч нь тус цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ үеэрээ бусдын мотоциклыг хулгайлан, оргосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. 

Харин цэргийн алба хаагч ямар шалтгаанаар ийнхүү сураггүй алга болсон талаарх мэдээлэл алга байна. Тухайн цэрэг нь Өвөрхангай аймгаас Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн ... дүгээр ангид татагдан ирсэн байжээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх цэргийн алба хаагчийн оргосон байж болзошгүй талаарх мэдээллийг албаныхан нууцалж, шуурхай олж тогтоох үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тухайн цэргийн алба хаагчийг олж тогтоогоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.