Ардчилсан намын дотоод сонгуулийн хүрээнд нийслэлийн намын даргын сонгууль ирэх сарын 5-нд болно. Нийслэлийн намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Ө.Шижир, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир нар хүсэлт өгснөөс Ө.Шижир нэрээ татаж, Б.Ган-Очир ганцаараа нэр дэвшиж байна.
Б.Ган-Очир “Би нийслэлийн намын хорооны гишүүн болоод 14 гаруй жил болсон байна. Одоо нийслэл маань хүчтэй сөрөг хүчинтэй болохгүй бол бараг хаант засаглал болчихлоо. Энэ авлигын бүтцийг задлах хэрэгтэй. Түүнчлэн өнгөрсөн орон нутгийн сонгуулиар би нийслэлийн ерөнхий менежерээр ажиллахдаа нийслэлд сонгуульд явагддаггүйг мэдсэн юм. Х.Нямбаатар дарга сонгуулийн өдрийг амралтын өдөр болгосныг санаж байгаа байх. Одоо байгаа нийслэлийн МАН-ын хурал бол эрх зүйн бүрэн чадамжтай ард түмний төлөөлөл огт биш. Авлигал, хээл хахууль, хулгайн хамгийн том үүр болсон газар. Нам нь өөрөө нийслэлээс болоод хоёр хуваагдчихсан байна. Уг үндэс нь улсын төсвийн талыг авчихаад байгаа, ард түмний тал нь амьдарч байгаа нийслэлээс эхтэй. МАН эргээд нийслэлийн намаа дийлэхээ больчихсон. Тэнд тусдаа бүтэц, тусдаа вант улс бий болчихож. Энэ вант улс өөрийгөө хамгаалах дүртэй болсон нь Х.Нямбаатар. Энэ бүх зүйл дээр хариуцлага үүрүүлье гэх юм бол хариуцлага үүрэх боломжтой улс төрийн сөрөг хүчин ганцхан ардчилсан нам байгаа. Тэгэхээр Ардчилсан нам хамгийн эхний ээлжинд шударга сонгуулийг нэхэх хэрэгтэй. Шударгаар ялж, ялагдмаар байна.
Би “Сонгуулийн гэмт хэрэг” сэдвээр 10 жил судалгааны ажил хийж докторын зэрэг хамгаалсан. Монголд шударга сонгууль байхгүй учраас шударга төсөв байхгүй, шударга хуваарилалт байхгүй. Монгол улсын шударга бус байдлын эх үндэс бол нийслэл. Энэ бүхэнтэй хариуцлага тооцохын тулд би чадна гээд л нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлсэн. Ганцаараа нэр дэвшиж байгаа тухайд, сонгуулийн цаглабар энэ оны хоёрдугаар сард гарсан. Нам даяараа нийслэлийн намын даргын сонгууль, дотоод сонгууль явагдана гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас би тухайн өдрийн 17 цагтаа багтаж материалаа өгсөн. Надтай өрсөлдөх сонирхолтой хүмүүс байсан. Тэр хүмүүс намайг дэмжсэн. Эцсийн шийдвэрийг тухайн хүн өөрөө л гаргана шүү дээ.”