Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдын мотоциклыг хулгайлан оргожээ

Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдын мотоциклыг хулгайлан оргожээ

Үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч цэргийн албанаасаа оргосон хэрэг энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт гарчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн ... дүгээр ангид цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 25-ны өдөр оргосон учир түүнийг эрэн хайх ажиллагааг холбогдох албаныхан зохион байгуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн цэргийн алба хаагч нь тус цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ үеэрээ бусдын мотоциклыг хулгайлан, оргосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. 

Харин цэргийн алба хаагч ямар шалтгаанаар ийнхүү оргосон талаарх мэдээлэл алга байна. Тухайн цэрэг нь Өвөрхангай аймгаас Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн ... дүгээр ангид татагдан ирсэн байжээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх цэргийн алба хаагчийн оргосон талаарх мэдээллийг албаныхан нууцалж, шуурхай олж тогтоох үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тухайн цэргийн алба хаагчийг олж тогтоогоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.