"Н.Учралаар УИХ-аа удирдуулахгүй" гэсэн АН-ын шаардлага Д.Амарбаясгаланг "үнэд оруулж", Засгийн газар тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэв үү

"Н.Учралаар УИХ-аа удирдуулахгүй" гэсэн АН-ын шаардлага Д.Амарбаясгаланг "үнэд оруулж", Засгийн газар тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэв үү

УИХ дахь АН-ын бүлгээс, "МАН-ын дарга Н.Учрал парламентыг удирдаж болохгүй" гэсэн шаардлагыг тавьж, чуулганы хуралдаан гацаанд орсон гэж болно. Харин парламентад 68 суудалтай ч, ХҮН, ИЗНН-тай Засгийн газарт хамтарсан МАН УИХ-ын чуулганы ирцээ бүрдүүлэх бүрэн боломж бий.

Үүний тулд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг дагасан бүлгийн гишүүдээ УИХ-ын чуулганы ирцэд оролцуулах нь чухал болоод байгаа. Ингэснээр АН-ын шаардлагад нийцүүлэхгүйгээр дотроо эв нэгдлээ хангах асуудалтай эрх баригч МАН нүүр тулсан гэж болно. Иймээс өчигдөр /2026.03.26/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай уулзаж, тохироо хийж эхэлсэн байгаа юм. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Д.Амарбаясгалангийн тал УИХ-ын даргаар өөрийн бүлэглэлийн хүнээ ажиллуулах эсвэл Засгийн газарт 2-4 сайдын албан тушаал авах" санал тавьсан гэж буй. Тэгвэл одоог хүртэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдаагүй байна. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн шөнө хийсэн мэдэгдлээс харахад, тэрбээр "албан тушаалаасаа огцрохгүй" бололтой. Ингэсэн тохиолдолд Д.Амарбаясгалангийн бүлэглэлд 2-4 сайдын албан тушаал өгч таарна.

Товчхондоо, МАН-ын даргаар УИХ-ыг удирдуулахгүй гэсэн АН-ын шаардлага Монгол Ардын намыг эвлүүлж, Д.Амарбаясгаланд боломж олгож байж магадгүй байна. 

Ингэснээр Д.Амарбаясгаланг МАН-ын гишүүнчлэлээс хасах, улмаар түүнийг холбогдуулан шалгаж буй хэрэг ч саарч, удааширч магадгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар Үндсэн хууль зөрчиж, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн асуудлаар шалгагдаж буй Х.Булгантуяагийн асуудал ч намжиж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.