Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 14 хоног өнгөрч байна. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний улмаас байнгын хороо болон чуулганы хуралдаанууд хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Нөгөө талаас 68 суудалтай эрх баригч Монгол Ардын нам ирцээ бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа нь тус намын дотоод талцал, хуваагдал үргэлжилж байгааг харуулж буй юм.
Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2026.03.27/ хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар уг асуудлыг намынхаа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Мөн Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл болгон хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээлсэн.
Гэсэн хэдий ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Анх уг хурлыг өчигдөр орой эсвэл өнөөдөр хийхээр төлөвлөж буй талаар мэдээлж байсан бөгөөд хурлын товыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар зарлах учиртай юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.03.27/ 10.00 цагт ээлжит бусаар хуралдах тов зарлаад байна. Тус хурлаар цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын танилцуулгыг сонсохоор төлөвлөсөн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн юм. Тус ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.