Г.Занданшатар "ажлаа өгөхгүй" гэж буй бололтой

Г.Занданшатар "ажлаа өгөхгүй" гэж буй бололтой

"МАН-ын дарга Н.Учралаар УИХ-ыг удирдуулахгүй" хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэж, парламентын хуралдаанд орохгүй байгаа.

Товчхондоо, АН-ын бүлгийн тус шаардлагыг "УИХ-д сонгогдож чадаагүй, жирийн иргэн Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж бус ялсан намын дарга Н.Учрал энэхүү алба тушаалыг хаших ёстой" гэж буй хэмээн орчуулж болно. Харин өчигдөр /2026.03.26/ хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг "УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана" гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл үүний дараа МАН-ын удирдлагууд болох Н.Учрал, Я.Содбаатар нар Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд уулзалт хийсэн гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлж байгаа юм. Мөн Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа өгвөл дараагийн Засгийн газарт ажиллах гэсэн, улмаар УИХ-ын даргад ч зүтгэх гэсэн бодолтой МАН-ын гишүүд өчигдөр /2026.03.26/ төрийн ордны өрөө, өрөө дамжин гүйлдэж, уулзалт хийсэн сураг байна. 

Мөн өчигдөр /2026.03.26/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд уулзсан. Энэ үеэр Д.Амарбаясгалан нарт Засгийн газрын 2-4 сайдын алба тушаал өгөх, эвсэл УИХ-ын даргаар тэдний бүлэглэлээс хүн сонгох гэсэн хувилбар яригдсан гэх мэдээлэл ч байгаа юм. 

Учир нь парламентанд 68 суудалтай МАН-ын бүлэг Д.Амарбаясгалан нарын бүлэглэлтэй тохирсон тохиолдолд АН-ын шахалтад автахгүйгээр УИХ-ын чуулганы ирцээ бүрдүүлээд хуралдаад явах бүрэн боломжтой юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа, "албан тушаалаасаа огцрохгүй" гэсэн утгатай мэдэгдлийг өнгөрсөн шөнө хийсэн байна.

Тэрбээр өөрийн facebook хуудастаа, "Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна.

Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа.

Би шударга ёс, зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна. Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга" гэжээ.  Түүний энэхүү мэдэгдлийн "Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга" гэсэн хэсгийг харвал Ерөнхий сайд Г.Занданшатар "ажлаа өгөхгүй" гэж байгаа бололтой.