Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дууссан бөгөөд хэргийн оролцогчид 100 гаруй хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ

Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дууссан бөгөөд хэргийн оролцогчид 100 гаруй хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Түүнийг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн түүнтэй хамт МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах “Админерал” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг, "Моновант" ХХК-ийн "эзэн" Ц.Ламжав нарын хүмүүсийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан, хахууль авсан зэрэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бол МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагдыг цагдан хорьж, шалгаж байгаад энэ оны нэгдүгээр сард суллан, хилийг хориг тавьсан байдаг. Харин “Админерал”-ын Ц.Ламжав нарыг "Оргон зайлсан", "Урьд авсан ТСАХ-г зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байгаад мөн хоёрдугаар сард суллан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Тэгвэл АТГ-аас УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Амарбаясгалан нар нь прокурорт хүргүүлэх хэргийн материалтайгаа танилцаж, гарын үсэг зурж эхэлсэн байна. Дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэг нь 100 гаруй хавтаст хэрэг болсон гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч АТГ-аас Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.