Гадаадын иргэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Тодруулбал, гадаад улсын иргэн Ч нь нэр бүхий хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын үүднээс хайлуур жонш баяжуулах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглаж байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Иргэн Ч нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 735 дугаарт багтдаг нафталин (Naphthalene) төрлийн бодисыг 26 ширхэг төмөр саванд хадгалж байжээ. Уг хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу гадаад улсын иргэн Ч-г 10 сая төгрөгөөр, холбогдох хуулийн этгээдийг 60 сая төгрөгөөр тус тус торгож, мөн ашигт малтмал баяжуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна. Иймд химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, тээвэрлэх зэрэг зөрчил, гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлэхийг анхаарууллаа.