Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр 13.20 цагт чуулганы хуралдааныг нээж, үг хэллээ.
Тэрээр, “УИХ-ын чуулганы ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 10 цагаас хойш оролцохыг гишүүдээс хүлээж байна. УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш 10 өдрийн хугацаанд нэг ч хууль батлагдаагүй, нэг ч шийдвэр гаргаагүй. Дөрөвдүгээр сарын өмнө намайг сонгож дэмжсэн атлаа одоо улс төр хийж хууль бус шаардлагыг тавьж байна. Дэлхий дахинд дайн мөргөлдөөн дэгдэж, түлш шатахууны хомсдол үүсэж, олон улс орон хэмнэлтийн горимд шилжиж байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө түлш, шатахууны үнэ нэмэгдэж, эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Сөрөг хүчин бойкот хийх, хурал хаях эрхийг нь хүндэтгэж байгаа ч улс төрийн шаардлага нь хууль бус байна. Сандал суудлын асуудал биш шийдэл хэрэгтэй. Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах хариуцлага үнэ цэнэтэй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй" гэж хэлээд өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.
ВИДЕО: