Чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийсэн ч хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэхээр товлосон асуудлууд бараг урагшилсангүй. Нээлтийн өдөр УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар нээлтийн үг хэлээд чуулганыг өндөрлүүлсэн. Түүнээс хойш товлосон чуулганы хуралдаанууд ирц хүрэхгүй шалтгаанаар дараалан хойшилж, парламент үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалд хүрээд байна.
Өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанд ердөө 47 гишүүн ирцээ бүртгүүлж, 43.7 хувийн ирцтэй байсан тул хуралдаан мөн л хойшилсон. Өнөөдрийн чуулган мөн 10 цагт эхлэх товтой байсан ч 54 гишүүн ирцээ бүртгүүлсэн нөхцөл байдалтай, хуралдаагүй байна.
Ирц хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь улс төрийн зөрчил. Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд буй. Харин нөгөө талд парламентын олонх болох МАН дотроо ч нэгдмэл байр суурьгүй, зарим гишүүд хуралдаа суудаггүй нь асуудлыг улам хүндрүүлж байна. Зөвхөн сөрөг хүчний бойкот бус, эрх баригч нам дотроо хуваагдсан байдал ирц бүрдэхгүй байх бодит шалтгаан болж байна. Хэлэлцэх ёстой чухал асуудлууд гацав. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд нь иргэдийн амьдралд шууд нөлөөтэй.
Үүнд:
- Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох
- Татвар болон НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах
- Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
- Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээр
- Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн дүгнэлт
Гэвч эдгээр чухал асуудлуудыг хэлэлцэх боломж бүрдэхгүй, долоо хоног дамнан хойшилсоор байна. Байнгын хороод хүртэл ирцгүйгээс хуралдаж чадахгүй байгаа нь парламент бүхэлдээ зогсонги байдалд орсныг харуулж байна. УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн дарга нарт ирцээ бүрдүүлэх үүргээ биелүүлэхийг шаардсан ч бодит өөрчлөлт гарсангүй. Хаврын чуулганы эхний хоёр долоо хоногийн дүр зургаар парламент ирцээ бүрдүүлж чадахгүй бол ямар ч бодлого, хууль урагшлах боломжгүй. Сөрөг хүчин бойкот хийж байгаа нь нэг талын асуудал боловч олонхи бүрдүүлсэн нам өөрөө ирцээ хангаж чадахгүй байгаа нь илүү ноцтой. Улс төрийн маргаанаас илүү төрийн ажлыг нэгдүгээрт тавихгүй бол УИХ-ын чуулган цаашид ч “хаалттай” хэвээр үргэлжлэх эрсдэл улам нэмэгдэж байна.
Д.АНАР