С.Цэнгүүн: Ардчилсан намын шинээр сонгогдсон ҮБХ-ны хамгийн залуу төлөөлөгч 21 настай байна

С.Цэнгүүн: Ардчилсан намын шинээр сонгогдсон ҮБХ-ны хамгийн залуу төлөөлөгч 21 настай байна

Ардчилсан намын дотоод сонгууль дуусах шатандаа орж, намын бүтэц, бүрэлдэхүүнд томоохон шинэчлэл хийгдсэн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлэл хийлээ.

Тус намын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын дарга нар тодорч, Үндэсний бодлогын хорооны 378 квотод нэр дэвшсэн гишүүдийн жагсаалт зарлагдсан байна. Аймаг, дүүргийн дунд шатны байгууллагуудаас ирсэн мэдээллээр дотоод сонгуульд оролцсон ирц 73 хувьтай байсан бөгөөд нийт 4250 хүн санал өгчээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “ҮБХ-ны 378 гишүүн сонгогдсоноос 60 хувь нь 40-өөс доош насныхан байгаа нь намын зүгээс эрс шинэчлэл болж байна. Хамгийн залуу төлөөлөгч 21 настай бол хамгийн ахмад нь 68 настай. Мөн хүйсийн харьцааг хадгалж, 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй гишүүд сонгосон. Намын орон нутгийн удирдлагын хувьд таван аймгаас бусад бүх аймаг, дүүрэгт шинэ хүмүүс намын даргаар сонгогдсон нь шинэчлэлийн бас нэг илрэл гэж үзэж байна. Гэсэн хэдий ч дотоод сонгууль өрсөлдөөн ихтэй болж, маргаан, гомдол дагуулсан. Намд олон жил ажилласан зарим гишүүд сонгуульд оролцох боломж хязгаарлагдсан гэх шүүмжлэл гарсан. Үүнтэй холбоотой асуудлыг намын шинэчилсэн дүрэмд тусган зохицуулахаар ажиллаж байгаа” гэлээ. Улс төрийн намуудын хувьд гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, санхүүгийн болон фракцын нөлөөллөөс ангид, энгийн гишүүдийн дуу хоолойг бодлого тодорхойлох түвшинд хүргэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж үздэг. Энэ хүрээнд Ардчилсан нам дотоод зохион байгуулалтаа шинэчлэхийг зорьж буйгаа онцоллоо.