УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан “Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрээр “Уг тогтоолын төслийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын 32 гишүүний гарын үсэг шаардлагатай бөгөөд одоогоор 10 гишүүн гарын үсэг зурсан талаар мэдээлэв. Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгд дэмжиж гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн. Олон тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа тул иргэдэд нээлттэй сонсгол явуулах нь зөв гэж харж байна” гэсэн юм. Санаачлагчид тус түр хороог байгуулж, 2025 оны хоёрдугаар сарын 17-нд БНХАУ-ын Харбин хотод байгуулсан “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээ”-г шалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Уг гэрээ нь нүүрсний худалдааны нөхцөл, үнийн асуудалтай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. МАН завсарлага авснаас хойш уг асуудал шийдэгдэлгүй, хянан шалгах түр хороо одоог хүртэл байгуулагдаагүй байгаа юм. Тухайн гэрээтэй холбоотойгоор их хэмжээний ашиг сонирхлын зөрчил, хохирол үүссэн байж болзошгүй хэмээн үзэж буй. Тухайлбал, анхны хэлэлцээрийн үед БНХАУ-ын тал биржийн үнээс 5 хувиар хямд үнээр нүүрс худалдан авах санал тавьсан гэх мэдээлэл бий. Гэвч Монголын тал 16 жилийн хугацаанд нүүрсийг 50 ам.доллараар нийлүүлэх нөхцөлийг зөвшөөрсөн байж болзошгүй гэх асуудлыг шалгах шаардлагатай гэж тогтоол санаачлагчид онцолж байна.
Д.Анар