С.Баяр-Очир: Баянхонгорт хоёр хугацаат цэргийн алба хаагч нэгнээ мэсээр гэмтээсэн хэрэгт холбогдох удирдлагуудад хариуцлага тооцно

С.Баяр-Очир: Баянхонгорт хоёр хугацаат цэргийн алба хаагч нэгнээ мэсээр гэмтээсэн хэрэгт холбогдох удирдлагуудад хариуцлага тооцно

Зэвсэгт хүчний нэгэн дугаар ангийн цэргийн алба хаагч бусдад зодуулж, хүнд бэртэл авснаар ухаан санаа нь орон гаран эмнэлэгт хэвтэж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэхүү асуудлын талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Үүссэн нөхцөл байдлыг тодруулахад, энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Баянхонгор аймагт байрлах манай барилга-инженерийн цэргийн ангид хоёр хугацаат цэргийн алба хаагчийн дунд харьцааны зөрчил гарсныг тогтоосон. Уг маргаанаас болж нэг хугацаат цэргийн алба хаагч бэртсэн. Улмаар бид энэ сарын 23-ны шөнө тус алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт авчирсан. Шалтгаан нь нүүр хэсэгт урт зүсэлттэй, оёдол нь сайн тавигдаагүй байсан юм. Одоогийн байдлаар алба хаагчийн биеийн байдал хэвийн байна. Энэ хэрэг аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэж, шалгалт явагдаж байна” гэв.

Мөн Зэвсэгт хүчний Хяналт-шилжилгээ, үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир “Энэ хэрэг гарсантай холбоотойгоор ЗХЖШ-аас албаны шалгалтын бүрэлдэхүүн очиж ажилласан. Тухайн өдөр томилогдсон жижүүр, манааны бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд амралтын өдөр байсан тул алба хаагчид хувийн цагтаа амарч байсан. Энэхүү хэрэгт офицер, ахлагч зэрэг дээд албан тушаалтнууд холбоогүй. Албаны шалгалт дууссаны дараа холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу хариуцлага тооцно. Бид ийм дүрмийн бус харилцааг огт зөвшөөрдөггүй. Ар гэрийнхний хүсэлтээр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл цацахгүй байхыг хүссэн” гэлээ.