УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаасаа огцрох хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний улмаас чуулганы ирц бүрдэхгүй, үйл ажиллагаа саатаад байгаа юм. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл тайлбар хийлээ.
Тэрээр “АН-ын бүлэг зарчмын шаардлагаа хатуу тавьж, тэмцлээ үргэлжлүүлнэ. 68 суудал авсан МАН ирцээ бүрдүүлж, төрийн ажлаа хэвийн явуулж чадахгүй байгаагаа иргэдэд үнэнээр нь хэлэх ёстой. Дангаараа 68 суудалтай, эвссэн намуудтайгаа нийлбэл 80 орчим суудалтай байж ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь МАН-ын өөрсдийн асуудал. Хэрэв УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй бол Ардчилсан намаас огцруулах арга хэмжээ авна. Хууль зүйн сайд авлигын нэг хэсэг болсон. Үүний дээр эрх баригч намын төлөөлөл парламентын даргаар ажиллаж байгаа нь буруу” гэлээ. Түүнчлэн, маргааш буюу баасан гарагт тус намын бүлэг 10.00 цагаас ээлжит бусаар хуралдаж цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, АҮЭБ-ийн сайдын танилцуулгыг сонсохоор болсон байна.
Д.Анар