Ардчилсан намын дотоод сонгууль дуусах шатандаа орж байна. Намын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын дарга нар тодорч, Үндэсний бодлогын хорооны 378 квотод нэр дэвшсэн гишүүдийн жагсаалт зарлагджээ.
Харин энэ удаагийн дотоод сонгуулиар зарим УИХ-ын гишүүдэд намын гишүүд итгэл үзүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болох нөхцөл бүрдэж байна. Учир нь АН-ын дүрэмд УИХ-ын гишүүн дотоод сонгуульд ялагдсан тохиолдолд дараагийн УИХ-ын сонгуульд намынхаа нэрийн өмнөөс өрсөлдөх мандат авах боломжгүй гэж заасан байдаг.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар, С.Одонтуяа, Ш.Бямбасүрэн нарт намын гишүүд дотоод сонгуулиар итгэл үзүүлсэнгүй. Ингэснээр тэд ирэх сонгуульд нэр дэвшихгүй. Мөн АН-ын дарга асан Л.Гантөмөр Үндэсний бодлогын хорооны гишүүн болж чадсангүй. Тэрбээр 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм.