Ой хээрийн түймэр тавьсан иргэн З.М-ийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, 7,6 сая төгрөгөөр торгожээ

Ой хээрийн түймэр тавьсан иргэн З.М-ийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, 7,6 сая төгрөгөөр торгожээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 2025 оны есдүгээр сард гарсан хээрийн түймрийн шалтгаан, холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг түймрийн улмаас нийт 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57.8 сая төгрөгийн хохирол учирч, нэг хүний биед хүнд гэмтэл учирсан байна.

Тодруулбал, тус аймаг дахь прокурорын газраас иргэн З.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа яндандаа хуримтлагдсан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас гал алдаж, улмаар хээрийн түймэр үүсгэсэн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-ийг Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шүүхээс З.М-ийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, гэм буруу болон эд хөрөнгийн байдлыг харгалзан байгаль орчинд учруулсан хохирлоос 7.6 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний биед хүнд хохирол учруулсан, эсхүл их хэмжээний хохирол үүсгэсэн тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг бол санаатайгаар түймэр тавьсан тохиолдолд хоёроос найман жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг.