Цахим орчинд хямдрал зарласан зар мэдээлэлд итгэн “KFC” түргэн хоол захиалах гэж оролдсон иргэн банкны мэдээллээ алдаж, их хэмжээний мөнгө залилуулсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “О” цахим орчинд “KFC” түргэн хоол захиалах зорилгоор хуурамч линкээр нэвтэрсэн байна. Улмаар өөрийн банкны картын мэдээллийг оруулсны дараа гэмт этгээдүүд түүний мэдээллийг ашиглан нэр бүхий банкны данс руу зургаан удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэрэг бүртгэгдсэн байна. Сүүлийн үед түргэн хоол, худалдаа үйлчилгээний байгууллагын нэрийг ашигласан хуурамч зар сурталчилгаа, линкээр дамжуулан иргэдийн банкны мэдээллийг авч цахим залилан хийх тохиолдол нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллага анхаарууллаа. Иймд, иргэдийг цахим орчинд байршуулсан баталгаагүй зар сурталчилгаа, мэдээлэлд болгоомжтой хандаж, пэйж хуудас болон линкийг нягтлан шалгах, зөвхөн албан ёсны эх сурвалжаар үйлчлүүлэх, хувийн болон банкны мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг сэрэмжлүүллээ.