Хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулж өгнө хэмээн бусдыг залилж 90 сая төгрөгийн бодит хохирол учруулсан мөн иргэдээс байрны урьдчилгаа хэмээн 300 сая төгрөг авахаар тохиролцсон иргэн С-ыг мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн алба хаагчид олж тогтоон баривчиллаа.
Тухайн этгээд өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа коридорт нууцаар орогнож өөрийгөө тус төрийн байгууллагад аудитороор ажилладаг гэж бусдад танилцуулан, баримт бичиг хуурамчаар үйлдэж гадаадын хөрөнгө оруулалттай, тусгай нөхцөлтэй орон сууцны зээлд хамруулж өгнө хэмээн гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон. Уг этгээдтэй холбоотой дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ мэт зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэдийг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа тул иргэд та бүхэн аливаа ашигтай саналыг сайтар нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.