УИХ-ын дарга Н. Учрал тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2026.03.24/ Цай Чи-тай Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н. Учрал Монгол Ардын нам болон Хятадын Коммунист Нам нь 105 жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд болохыг онцолж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн БХАТИХ-ын 14 дэх удаагийн дөрөвдүгээр чуулган амжилттай болж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө батлагдсанд баяр хүргэлээ. Тэрбээр “Хоёр улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, олон жил яригдсан томоохон төсөл, бүтээн байгуулалтууд бодит ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Мөн Монголын тал тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчимд тууштай байж, “Нэг Хятад”-ын бодлогыг дэмждгээ дахин нотоллоо. Монголын тал Ши Жиньпин-ий дэвшүүлсэн “Бүс ба зам” болон даян дэлхийн санаачилгуудыг цаашид үргэлжлүүлэн дэмжинэ” гэв.