Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Алтай цэргийн хүрээний үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.
Түүнийг аймгийн төв талбайд Алтай цэргийн хүрээний Хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд айлчлалын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон холбогдох албаны хүмүүс дагалдан ажилласан байна. Ерөнхийлөгч тус ангийн үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахын зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчдын амралт, чөлөөт цагийн зохион байгуулалтад онцгойлон анхаарч, тэдэнд урам зориг өгч хамтдаа үдийн зоог барьжээ. Мөн тус ангийн захирагч, хурандаа Л.Жамбалсүрэн-д Их Эзэн Чингис хааны эш хөргийг гардуулжээ.