ВИДЕО: М.Энхсайханыг цагдан хорилоо

ВИДЕО: М.Энхсайханыг цагдан хорилоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх гэдэг нь

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Харин М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулж шийдвэрлэв. Мөн шүүх хуралдаанд гэрчийг байлцуулах хүсэлтийг хүлээн авчээ.

Шүүх хурал болохын өмнө М.Энхсайхан энэ талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Болж буй үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчхоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр рүү орж байгаа нь ноцтой үйл явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улстөржилтөөс үүдсэн. Үнэн хэрэгтээ маш амжилтай төсөл байсан. Энэ төсөл дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бол өмнө нь ажиллаж байсан төслүүдийг давхар шалгаж өгөөч. Давхар шалгасан байдлыг олон нийтэд зөв мэдээлэхийг би Ерөнхий прокурорт хэлж байгаа юм.

Хэрвээ хорлон сүйтгэгч хэмээн намайг буруутгаж байгаа бол ийм сэдэл санаа бусад үйл хэрэгт байсан байж таараа гэж үзэх ёстой. Монголчууд дарааг нь том олон төслийг хэрэгжүүлэх л болно. Тиймээс мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий гэсэн үүднээс УИХ-ын даргад хандсан.

Төмөр замын 267 км газар, өргөн, нарийн зам барих уу гэж байгаад Чингис бондоос мөнгө гаргаад бид овоолсон шороотой үлдсэн. Миний мэдэхээр цагдаагийн байгууллага хэргийг боосон байсан. Ер нь бол мэдэхгүйн зовлонгоор ийм том хохирлыг учруулсан байж магадгүй. Энэ хэргийг миний ажиллаж байсан хэрэгтэй давхар шалгаад өгөөч гэж хүсэлт тавьсан. Одоогоор хариу байхгүй байна. Надад олон хуульч саналаа хэлж байна. Өмгөөлөгчөөр ажиллаж буй хоёр хүн бий. Тэд юу гэж байна уу гэхээр “таны асуудлыг уншихаар хэрэг гээд байх юм байхгүй. Улс төрийн хэрэг болчихсон байна” гээд мухардалд орчихлоо. 1992 оноос хойш ийм хэрэг анх удаа зүйлчлээд яваа юм билээ. Надад нэг хэргээр хоёр ял төлөвлөөд байгаа. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хурал явагдана. Миний зүгээс шүүх хурал нээлттэй ил тод яваасай гэж хүсч байна” гэсэн юм.