ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч, шүүх түүний гомдлыг хүлээж авсангүй

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч, шүүх түүний гомдлыг хүлээж авсангүй

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор түүнд хилийн хориг тавиад байгаа. Тэгвэл Д.Амарбаясгалан нь хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч шүүхээс түүний гомдлыг хүлээж аваагүй байна. 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Үүнтэй холбоотойгоор прокурорын саналаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Д.Амарбаясгаланд Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. 

Харин тэрбээр шүүгчийн энэхүү захирамжийг эс зөвшөөрч, дээрх шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан бөгөөд уг гомдлыг шүүх хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хилийн хоригоо цуцлуулах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг дээрх авлига албан тушаалын хэрэгт холбоотойгоор МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэдгийг тус намын дарга Н.Учрал мэдэгдэж, улмаар уг хүсэлтээ Хяналтын хороондоо гаргаж, "хасах" эсэх процессыг эхлүүлээд байгаа. Харин Говь-Алтай аймгийн МАН-ын хороо Д.Амарбаясгаланг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг эргэн харах хүсэлтийг намын дарга болон хяналтын хороондоо уламжилсан гэх мэдээлэл бий. 

Мөн түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг прокуророос УИХ-д хүргүүлж, уг асуудлыг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэхээр яригдаж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Ямартай ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг хориглож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө