Охид эмэгтэйчүүдийг хуурч, Малайзад биеийг нь үнэлүүлж байсан эмэгтэйд 5.6 жилийн хорих ял оноолоо

Охид эмэгтэйчүүдийг хуурч, Малайзад биеийг нь үнэлүүлж байсан эмэгтэйд 5.6 жилийн хорих ял оноолоо

Монгол иргэдийг гадаадад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг өнгөрсөн оны найдугаар сард /2025.08.27/ Казахстан улсаас шилжүүлэн авчирсан байдаг. 

Тодруулбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирсан.

Улмаар тухайн эмэгтэйд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Ингэхдээ, Х.Н нь нэр бүхий охидын биеийг нь үнэлүүлэх зорилгоор “Малайз улсад өндөр цалинтай ажил байна, би замын зардлыг нь даана, цалин дээрээсээ суутгуулж болно” гэж хууран мэхэлж, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан хил нэвтрүүлж, эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.3 /Хүн хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд Х.Н-г 7 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэм буруутайд тооцож, 5 жил, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Х.Н-г Интерполоор гадаад улсад эрэн сурвалжилж, Казакстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан зардалд 11 сая төгрөгийг түүнээс гаргуулж, цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.