Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Д.Ган-Эрдэнэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байдаг. Улмаар түүнд холбогдох хэрэг Улсын дээд шүүх хүртэл явсан ч тус шүүхээс Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр төрийн нууц үрэгдүүлсэн хэргээр анхан шатны шүүхээс 650 мянган төгрөгийн торгох ял сонссон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг.
Тэгвэл тус ажиллагааг хийж дуусаад прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэ дагуу Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогджээ.
Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" 1-д "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.