УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийж дуусаад, анхан шатны шүүх хурлыг товложээ. Тодруулбал, тус хэргийг ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явуулахаар товложээ.
Тус хэргийг шүүх хурал өмнө нь гурван өдрийн турш болсон ч шүүхээс З.Энхболд нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр 60 хоногийн хугацаатайгаар шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байдаг.
Эргэн сануулахад, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан ч давж заалдах шатны тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Улмаар анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноож байсан. Харин давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаснаар ийнхүү анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэж байгаа юм.