Өчигдөр /2026.03.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх, томилох танилцуулга, Цэцийн дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой байсан ч ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдааныг хойшлуулсан.
Учир нь Ардчилсан намаас МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөхгүй бол чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байгаа. Мөн МАН-ын нэр бүхий зарим гишүүд ч шалтгаангүйгээр чуулганы хуралдаа суугаагүй. Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал "Бүлгийн дарга нар ирц бүрдүүлэх үүргийг хүлээдэг. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүлж, бүлгүүдийн хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. АН-аас бичгээр хүсэлт, шаардлага огт ирээгүй. Өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулж байна” гэсэн юм. Ийнхүү чуулган тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд өнөөдөр ч чуулган хуралдахгүй юм.