УИХ-ийн гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” прокурорын хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ

УИХ-ийн гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” прокурорын хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ

Монгол Улсын шүүхийн энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ болон олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг шүүхээр шийдсэн байдлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцууллаа. 

Энэ үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар “Олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал” сэдвээр холбогдох мэдээллийг өгөв.

-Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРТ ХОЛБОГДОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ-

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянаж

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэжээ.

-Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР-

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг  үүсгэн яллагдагчаар татсан байна.

Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр, ТСА-нд гаргасан гомдлыг 2020 оны 2 дугаар сарын 07-нд хэлэлцээд хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.