УИХ-ын Хаврын чуулган өнгөрсөн Даваа гарагт нээлтээ хийсэн. Өнөөдөр чуулган хуралдаж, Засгийн газрын сайд нарыг, томилох танилцуулгыг сонсох ёстой байсан боловч ирц бүрдээгүйн улмаас хуралдаан гацаанд ороод байна. Энэ асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатараас тодрууллаа.
Тэрбээр “УИХ-ын гишүүн чуулгандаа сууж, ажлаа хийх үүрэгтэй. Ганц тохиолдолд буюу Үндсэн хууль зөрчсөн асуудлаар санал хураалт болон чуулганд оролцохгүй байх эрхтэй. Бусад үед заавал суух ёстой. УИХ-ын дарга, намын дарга хамт байж болохгүй гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн өнгөрснийг эргээд харахад АН-ын ч тэр МАН-ын ч тэр дарга УИХ-ын дарга хийж байсан. Өнөөдөр МАН-ын дарга УИХ-ын дарга хийснээрээ ямар нэгэн асуудал гарсан зүйл алга. Чуулганы үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Хаврын чуулганаар 33 асуудал, хуулийн төсөл, тогтоолын төсөл хэлэлцэхээр баталсан. Одоо дээр нь нэмэгдээд 40 гаруй асуудал болж байна. Манай байнгын хороотой холбоотой татварын хуулиуд ажлын хэсэг ажиллаад хэлэлцэгдэхэд бэлэн болж, Засгийн газраас өргөн барьсан. Иргэд ч өндөр хүлээлттэй байна. Энэ хууль батлагдвал иргэд, ААН-ын нуруун дээрээс 2,7 их наяд төгрөгийг хөнгөлж, өөрт нь үлдээнэ. Тэр хэмжээгээрээ ААН, иргэдэд бодитой орлого болж үлдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн 2 хувийг болиулах ажлын хэсэг хуралдаад, манай байнгын хороогоор хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Энэ бас олон иргэнд нөлөөлнө. Таваас доошгүй жил амьдарсан өөрийн байраа зарахад 2 хувийн татвар төлдөг бол энэ хуулийн өөрчлөлтөөр татвар төлөхөөргүй болж байгаа. Мөн “Гэр бүлийн тухай хууль” гэх мэтчилэн олон хууль хүлээгдээд байж байна. Нийгэмд асуудал болж байгаа үе тэнгийн дээрэлхэлт, сургуулийн орчинтой холбоотой асуудлаар Мөнхсайхан гишүүн хуулийн төсөл санаачилчихсан байгаа. “Малчны тухай хууль”, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” гээд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Тийм учраас төрийн ажил, тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа нэг цаг, минут ч тасалдаж болохгүй. Ардчилсан намынхаа нөхдүүдэд хуралдаа оролцоод, хүлээгдэж байгаа олон асуудлуудаа хэлэлцье хэмээн уриалмаар байна. Энэ олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай болоод явчихлаа. Хэрвээ тэгвэл үнийн өсөлт гэсэн асуудал ургаад л цаашаа явна. Тийм учраас УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой.
АН-ын хувьд хуралдаа орж ирэхгүй байх шалтгаан би олж харахгүй байгаа. Энэ бол цэвэр улс төржиж байгаа, эрх барьж байгаа намыг, Засгийн газрыг бойкотлож байгаа асуудал. Бусдаар бол шалтаг шалтгаан алга байна. Өнөөдөр Засгийн газрын хоёр гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх ёстой. Ялангуяа боловсролын салбарын цалин, сургуулийн орчин, үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой олон асуудал хүлээгдэж байна. Эрчим хүчний асуудал ч тулгамдаж байгаа. Тийм учраас сайдыг нь нэг өдрийн өмнө ч гэсэн томилох нь зүйтэй” гэлээ.
ВИДЕО: