“Хаан Шонхорууд” багийн легионер тоглогч Байрон Уэсли нь Монгол Улсын иргэн эмэгтэйд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал, өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдсэн эмэгтэй 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр цахим хуудсандаа гэмтэл авсан байж болзошгүй зураг нийтэлсэн нь уг асуудлыг олон нийтэд хүргэсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, уг хэрэг нь энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон байж болзошгүй аж. Улмаар холбогдох байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад зодсон, хүч хэрэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд уг асуудлаар хэрэг бүртгэл нээхээс татгалзах санал гарган, материалыг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.