Засгийн газрын өнөөдрийн /2025.03.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир танилцууллаа. Тэрбээр “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газар хэлэлцэн дэмжиж, батлахаар шийдвэрлэснийг онцоллоо.
Одоогийн байдлаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн сангийн эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй байгаа хэдий ч зарим байгууллага, банкуудын хүрээнд ойролцоогоор 130 мянган иргэний 70 тэрбум төгрөгийг тэтгэврийн хуримтлал хэлбэрээр төвлөрүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Иймд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилтын хүрээнд уг салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна гэж Т.Аубакир сайд онцлов.
Хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалд иргэдийн оролцоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд шинэ хууль батлагдсанаар энэ тогтолцоо илүү зохион байгуулалттай, ил тод болох боломж бүрдэнэ. Мөн Монгол Улс тэтгэврийн сангийн шинэ эх үүсвэртэй болж, эдийн засагт дахин хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэнэ. Ингэснээр иргэд зөвхөн нийгмийн даатгалын сангаас гадна хувийн нэмэлт хуримтлалаасаа давхар тэтгэвэр авах нөхцөл бүрдэж, ирээдүйн санхүүгийн баталгаагаа сайжруулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ.
ВИДЕО:
Д.АНАР