Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаж, Ерөнхий сайд захирамжилсан. Боловсролын сайд Л.Энх-Амгаланг томилох саналыг гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Тэгвэл ХҮН-аас Эрчим хүчний сайдад Б.Найдалаа, П.Ганзориг нарын нэгийг нэр дэвшүүлэхээр болжээ.
Энэ талаар тус намын дарга Т.Доржханд “Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт УИХ-д суудалтай таван намын ажлууд төлөвлөгдсөн. Энэ дунд ХҮН-ын Эрчим хүчний реформ хийнэ гэсэн мөрийн хөтөлбөр 100 хувь тусч, Засгийн газрын эрчим хүчний бодлого болоод явсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт өөрчлөлт орж байх шиг байна. Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өргөдлөө өгсөн байна. Хуулийн дагуу Ерөнхий сайд өөрөө кабинатаа бүрдүүлж, сайд нараа томилдог. ХҮН-ээс эрчим хүчний реформыг эхлүүлж, завсар нь Реформын үндэсний хороог долоон сар ажиллуулаад татан буугдсан. Энэ агуулгын хүрээнд эрчим хүчний асуудлыг ХҮН аваад явах нь зүйтэй гэсэн ойлголцолд хүрсэн. П. Наранбаяр сайдын хувьд сайн ажилласан. Маш олон хүнд сорилтуудтай тулгарсан нь ерөөсөө л төсвийн асуудал байсан. Үүнийгээ Монгол Улсын түүхэнд 35 жилийн Ардчиллын түүхэнд 50 хувиар салбарын бодит цалинг өсгөсөн, хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн, 2026 оныг Боловсролын жил болгож зарлуулсан гэдэг утгаараа ажлаа сайн хийсэн гэж бид дүгнэж байгаа. Хариуцлага тооцоод сольж байгаа хэрэг биш.
Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн дэвшиж таарах учраас өчигдөр Удирдах зөвлөлийн хурлаараа УИХ-ын гишүүдээсээ саналыг нь сонссон. ХҮН-аас УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Ганзориг нарыг нэр дэвшүүлэхээр Ерөнхий сайдад танилцуулсан.
Ж.Золжаргал гишүүн бол эрчим хүчний инженер мэргэжилтэй хүн. Өөрөө шийдвэрээ гаргасан. Намын даргын хувьд энэ асуудалд нээлттэй хандсан. Эрчим хүчний салбарт инженер хүн байх ёстой гэсэн агуулгатай би санал нийлдэггүй. Энэ салбар гацаад байгаа асуудал нь еөрөөсөө л санхүү. Энд эдийн засаг ойлгодог, санхүүгээ мэддэг, реформоо хийж чадах хүн л хэрэгтэй. Түүнээс биш жил бүр гал алдчихвий, хот хөлдчихвий гэсэн айдастай байсаар байвал богино хугацаанд шилжилт хийж чадахгүй. Миний хувьд Шадар сайдын ажлаа өгөөд Эрчим хүчний сайд болно гэсэн яриа огт болоогүй. Манай нам олон хүний нөөцтэй” гэлээ.