НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “нэр төрд халдсан” гэх үндэслэлээр сэтгүүлч С.Будрагчааг шүүхэд өгсөн бөгөөд уг хэргийн шүүх хурал маргааш болно

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “нэр төрд халдсан” гэх үндэслэлээр сэтгүүлч С.Будрагчааг шүүхэд өгсөн бөгөөд уг хэргийн шүүх хурал маргааш болно

Сэтгүүлч С.Будрагчаа 2025 оны 10 дугаар сарын 15-нд цацсан “Яргачин” нэвтрүүлгээрээ НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар хөндсөн байдаг. Тус нэвтрүүлэгт Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав оролцож, уг асуудлыг нотлон ярилцлага өгсөн байдаг. 

Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх уг нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчааг “нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шүүхэд өгчээ. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд уг хэргийг БГД, ХУД, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Шүүх хурал 2026 оны 03 дугаар сарын 13-нд товлогдсон байна. Мөн эх сурвалжийн мэдээлснээр, шүүхээс сэтгүүлч С.Будрагчааг Б.Эрдэнэсүхийн талаар мэдээлэл бэлтгэх, олон нийтэд мэдээлэл түгээхийг түр хугацаанд хориглосон шийдвэр гаргасан байна. Мөн эх сурвалжийн мэдээлснээр тус шүүх хуралд Б.Эрдэнэсүхийн эхнэр оролцох хүсэлтээ гаргаад байгаа аж.

Эргэн сануулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, өдгөө амь нас нь эрсдэлд ороод байгаа талаараа мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн байдаг. Энэ дагуу хуулийн байгууллагаас түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Улмаар Б.Эрдэнэсүхийг зорчих эрхийг хязгаарлахаас эхлээд хоёр хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татаж, шүүх хурал үргэлжилсээр байгаа юм.