Улсын их хурлын Хаврын чуулган энэ сарын 15-ны /2026.03.15/өдөр нээнэ. Хаврын чуулганы эхэнд нэр бүхий гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгаж магадгүй байгаа.
Тухайлбал, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг хэргээр АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа Х.Булгантуяа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий Прокуророос УИХ-д хүргүүлж магадгүй байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах гишүүдийн дунд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр бий гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, Эрдэнэс тавантолгойн н.Ган-Од нарын хүмүүсийг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суллаад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
-Ш.ГАНХУЯГИЙН ХАХУУЛИЙН МӨНГӨӨРӨӨ БАРЬЖ БАЙСАН БАРИЛГАД Ц.ТУВААНЫ ОРОЛЦОО БАЙЖ МАГАДГҮЙ-
Ш.Ганхуягийг Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлж, үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас их хэмжээний буюу 2.7 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсан гэх үндэслэлээр шалгаж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Тувааныг "Олон овоот"-ын зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх бөгөөд эдгээртэй холбоотойгоор Хаврын чуулганы эхэнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж магадгүй байна.
"Олон овоот"-ын хэрэгт шалгагдаж байгаа Ш.Ганхуяг нь УИХ-ын гишүүн Ц.Тувааны "Хүн" гэгддэг бөгөөд түүний зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Энэ ч утгаараа Ц.Туваан нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байхдаа Г.Ганхуягийг Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар Ш.Ганхуяг нь Ц.Тувааныг "Буух"-ын өмнөхөн уг хэргийг үйлдсэн гэдэг.
Мөн Ш.Ганхуяг нь 2017 онд Ц.Тувааныг АН-ын генсек болоход нь Төв аймгийн АН-аас ирж, Төв АН-д улс төрийн ажилтан хийж байсан гэх мэдээлэл ч байна. Түүнчлэн Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг нарын хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүрэгт барьж байсан барилгад нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Тувааны холбоотой хүний оролцоо байсан зэрэг нотлох баримт тогтоогдсон гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.
-"ОЛОН ОВООТ" ОРДЫГ 140 ТЭРБУМЫН ӨРИЙГ БАРАГДУУЛАХЫН ТУЛД “МИНЕРАЛ ЭКСПЛОРЕЙШН ФАНДИНГ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЭЭД БАЙЖЭЭ-
Эргэн сануулахад, "Олон овоот" ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжиж байжээ. Гэвч тэд Монголбанк болон дотоодын арилжааны банкуудад асар их хэмжээний өр тавьж, үүнийгээ барагдуулахгүй 10 гаруй жил явсан байна.
Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох 8 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.
Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275, MV-015282, MV-015283, MV-020764, MV-021489, MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай 1 тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-иас “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг байна.