"Монголын төмөр зам"-ын захирал О.Батчулуун хэвлэлд 250 сая,  малчидтай 150 саяар хамтарч ажиллана зэргээр 4.9 тэрбумыг төсөвлөсөн байжээ

"Монголын төмөр зам"-ын захирал О.Батчулуун хэвлэлд 250 сая, малчидтай 150 саяар хамтарч ажиллана зэргээр 4.9 тэрбумыг төсөвлөсөн байжээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий “Эрчист Монгол” ХХК-ийг байгуулж, захирлаар нь Г.Амартүвшинг томилсон байдаг.

Улмаар тус компани нь нэгдлийн харьяанд ажилладаг төрийн өмчит компаниудад санхүүгийн эрсдлийн шинжилгээ хийжээ. Ингэхэд Монголын төмөр замын өөрийн хөрөнгийн өгөөжийг нь дунд, эргэлтийн харьцаа бага, өр төлбөрийн эрсдэл маш өндөр, нийт эрсдлийн үнэлгээгээр дунд гэж дүгнэсэн байна. Санхүүгийн эрсдэлийн шинжилгээний дүгнэлтээр "Монголын төмөр зам" ТӨХК 2025 оны байдлаар 1.4 их наяд төгрөгийн зээлийн өртэй байгаа нь тухайн компанийн хэвийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийх чадавх, мөнгөн урсгалд ноцтой дарамт үүсгэж байна гэж үзжээ.

“Эрчист Монгол” ХХК Монголын төмөр зам ТӨХК-ийн зардлыг 12.58 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын дүнг 2.9 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, компанийн 2025 оны төсвийг тодотгосон байна.

Тухайлбал, зам арчилгааны зардал 7.3 тэрбум төгрөг байсныг 1.8 тэрбум төгрөг болгон бууруулжээ. Мөн Багахангай-Хөшигийн хөндийгөөс Архивын ерөнхий газар хүртэлх авто замын зургийн зардал 4 тэрбум төгрөгийг 1.4 тэрбум төгрөг болгон бууруулсан байна. Мөн тус компанийн 2026 оны зорилтот түвшинд 4.98 тэрбум төгрөгийн зардлыг бууруулжээ.

Тодруулбал,

  • Элэгдлийн зардлын алдаатай тооцоолол 3.9 тэрбум,
  • Орон нутгийн онцгой байдал, цагдаагийн газартай хамтын ажиллагаа гэрээ 504 сая төгрөг,
  • Орон нутгийн малчидтай хамтын ажиллагааны гэрээ 150 сая төгрөг,
  • Олон нийтэд хэвлэн мэдээлэх зардал 250 сая төгрөг гэх мэт хэт өндөр, үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй зардлууд багтсан байсныг илрүүлж, таслан зогсоосон байна. Мөн "Эрчимт Монгол" компани "Монголын төмөр зам"-ын 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс 2.9 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ.