УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг "бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор яллагдагч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч П.Сайнзоригт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхэд ирүүлснийг шүүх 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Харин тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны гуравдугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.