УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ

УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн тойм мэдээлэл бичжээ. 

Тус мэдээлэлд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Яллагдагч Э.Болормаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Э.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч Э.Б-д 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.